Витамин дутагдахад танд ямар өөрчлөлт гарах вэ?

нийтлэл түгээх

Бид өдөр тутам хоол тэжээлээрээ өөрт хэрэгцээт витамин амин дэм үүдийг авч байдаг боловч харамсалтай нь бүгдийг хангалттай хэмжээгээр авч чаддаггүй нь биднийг амин дэмийн дутагдалд хүргэж улмаар янз бүрийн өвчний суурь болдог нь эрдэмтдээр тогтоогдсон.

Ялангуяа ид өсөж хөгжиж байгаа хүүхдүүд амин дэмээр дутагдах нь ирээдүйд олон суурь өвчний эхлэл болдог нь хамгийн аюултай юм.

А витамин дутагдвал үс өнгөө алдаж хэврэгшиж, арьс хуурайшин үрчлээтнэ. Нүдний хараанд нөлөөлж, оройн цагаар юм харах нь муудна.

Д витамин дутагдвал хүүхдийн нойр муудаж, цочин сэрэх, уйламтгай, хоолонд дургүй болж цаашдаа сульдаа өвчинд шилжинэ. Сульдаа нь    ялангуяа өвөл, хаварт цөөнгүй тохиолдоно, Хүүхэд шүдлэх, зулай битүүрэх нь саатаж, яс нь зөөлөрч мурийна. Насанд хүрсэн хүнд Д витамин дутагдвал яс зөөлөрч сийрэгжин, бэртэж хугарахад амархан болдог.

К витамин бие мах бодид дутагдах явдал ховор тохиолдоно. К витамин дутагдахад арьсан дор болон булчин, ходоод, гэдэс бусад эрхтэнд цус  харвана.

В1 витамин дутагдвал хоол унданд дургүй болж, эцэж туран, амархан ядрах, юмнаас айж цочих, уур уцаартай болох, толгой өвдөх зэрэг шинж  тэмдэг илэрнэ.

В2 витамин дутагдвал бие суларч, хоолонд муудаж, жин буурна. Мөн нүд аргаж улайх, гялбаж нулимс гоожно.

В6 витамин дутагдвал үс унаж, арьс загатнан, улайж шархална.

В12 витамин дутагдвал цус төлжих нь саатаж, цус багадах учир хоолонд дургүй болж бие суларч, амархан ядарч, арьс цонхийно.

РР витамин дутагдвал ам хатах, уух юманд дурлах, шүлс гоожих, тэнхээ тамир алдаж суларна. Хоолонд муудаж сулрах, толгой өвдөж,  нойрондоо муу болно. Амны хөндийн салст бүрхүүл, хэл хэсэг газар улайж цаашдаа шархална. Арьс ширүүн болж тар хөл, хүзүүний арьсан дээр  эхлээд улаан толбо гарч дараа нь шархалж яршина.

С витамин дутагдвал бие суларч, нойр хүрэх, тэнхээ тамир алдарч амархан ядрах, турж эцэх, нүүр гарын арьс цайрч, хуруу хумс, уруул зэрэг  газраар хөхөвтөр толбо үзэгдэнэ.Уруул буйл хөхрөн хавдаж, цус гарах, шүд ганхаж өвдөх цаашдаа булчин үе мөч өвчтэй болж, арьсан дээгүүр  жижиг цус харваж хөх толбо бий болно.

Comments

comments